Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд технологи, инновацийн асуудлыг тус яам онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгож байв. Шинэ Засгийн газар байгуулагдаад сар орчим болж байгаа бөгөөд Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар томилогдож ирээд энэ хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзан, орчин үеийн дэвшилтэт технологи, инновацийн судалгаа, мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн зөвлөл”-ийг байгуулахаар болжээ. Уг уулзалт болж байх үед Гадаад харилцааны яамны 13 газрын дарга нар яамны шуурхай хуралдаа орохоор сайдыг хүлээзнэж байв.
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар ажлын хэсгийн хуралдаан дээр
Ингээд 8.40 цагт яамны шуурхай хурал эхэлж сайд Д.Цогтбаатар хэд хэдэн үүрэг даалгавар өгч байсны нэгд нь Ерөнхий сайдад Гадаад харилцааны яамтай хамааралтай арга хэмжээг долоо хоногийн өмнөөс танилцуулж байх үүргийг өгсөн юм.
Хоёр жил тутамд хийдэг Элчин сайдын зөвлөгөөнийг энэ жил хийх үү гэж асуухад сайд Д.Цогтбаатар “Хурлыг хэзээ хийх цаг хугацааг тооцоорой. Засгийн хурал дээр интернэтээр Элчин сайдуудтай холбогдож хурлыг явуулж болно” гэсэн саналыг гаргаж байв. Дараа долоо хоногоос Орос руу явж онгоц угсарч байгаа төсөлтэй танилцана гэх мэтээр яамтай холбоотой асуудлын талаар санал солилцож байтал цаг 9.00 болсон тул Төрийн ордон руу яаралтай явахгүй бол болохгүй нь гэж хэлээд шуурхайгаас түрүүлж гарлаа. Энэ өдөр Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг гадаадад ажлаар явсан, Бүгд Найрамдах Парагвай улсад ажлын айлчлал хийж байгаа бол Төрийн нарийн бичгийн дарга мөн гадаад улсад албан ажлаар явсан байсан. Гадаад харилцааны яам бол шөнө унтдаггүй яам. Манай систем 24 цагийн турш ажиллаж байдаг. Бидний дээр нар жаргадаггүй. 40 гаруй улсын Элчин сайдын яамтай. Улс орнуудын цагийн зөрүүний байдлаас улбаалж тасралтгүй 24 цагийн турш ажиллаж байдаг гэж энэ яамны онцлогийг яамныхан хэлсэн.
Сайд Д.Цогтбаатар машинд сууж ордныг чиглэн явах замдаа Мянганы сорилтын сангийн захиралтай санал солилцож мөн төсөлтэй танилцаж амжив. Тэгээд гүйхээрээ шахам Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөө рүү ороод явчихав. Ажлын хэсгийн хуралдаанд гар утастай орохыг хориглодог бөгөөд дотогш орж буй хүмүүс бүгд утсаа үүдэнд үлдээгээд орж байв. Уг хуралдаанд сэтгүүлчийг дотогш оруулах боломжгүй гэдгийг дуулгалаа. Гэсэн ч дотор ямар хурал болсон талаарх мэдээллийг авахад Ерөнхий сайдын захирамжаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ өдрийн хурлаар төв цэвэрлэх байгууламжийг барих санхүүжилтын эх үүсвэрийг хаанаас байж болох вэ гэсэн сэдвийн хүрээнд санал солилцжээ. Барилга, хот байгуулалтын сайд ажлын хэсгийг даргалж байгаа бөгөөд Сангийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд нар гишүүнээр ажиллаж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийг барихад шаардлагатай санхүүжилт, ямар эх үүсвэрээр босгох вэ гэдэг дээр Гадаад харилцааны яамны зохицуулалт, оролцоо их бий. Ямартаа ч ойрын үед Төв цэвэрлэх байгууламж барих асуудал нааштайгаар шийдэгдэхээр болж байгаа бололтой юм. Ерөнхий сайдын өрөөн дэх уулзалтад орсон хойгуур Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын туслах Б.Мөнхтүшигтэй ярилцаж сайдын ажил алба хэрхэн өнгөрдөг талаар бид яриа дэлгэсэн юм. Сайдаар ирээд амралтын хагас, бүтэн сайн өдрүүдэд байнга ажиллаж байгаа ба оройдоо гэртээ бараг унтах гэж л ордог. Сайдын ажил эхлэхээс өмнө Б.Мөнхтүшигийн ажил эхлээд сайдын ажил дууссаны дараа түүний ажил дуусдаг. Өдөртөө заримдаа цайндаа орох завгүй явах нь энүүхэнд гэв. Тэд гүүгль календариар сайдын ажлын хуваарийг долоо хоногийн өмнөөс гаргадаг. Тухайн өдөр бүрийг шинэчилдэг. Ингэхдээ арга хэмжээ эхлэхийн 30 минутын өмнө сануулга өгөх дохиотой. Сайд, туслах залуу, жолооч гуравт уг календарийн хуваарь байдаг. Цаг нартай уралдаж гардаг болохоор жолооч хаашаа ямар хуваариар явахыг урьдчилан мэдсэн байх нь цаг хожиход нэмэр болдог гэнэ. Сайд Д.Цогтбаатарын харьяанд ёслолын албаны хүн байдаг, хурал арга хэмжээ болохын өмнөх бүх бэлтгэлийг ёслолын албаны дарга нь хариуцдаг аж. Энэ өдрийн хуваарьт гэнэтийн өөрчлөлт орсон нь 12 цагт Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр дөрвөн хуулийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүний хувьд Д.Цогтбаатар сайд оролцох хэрэгтэй болжээ. Туслах залуу сайддаа 12 цагийн хуралд оролцох ёстойг дуулгана даа гэж байв. Ингээд 10.25 минутад ажлын хэсгийн хуралдаанаас сайд гарч ирэнгүүтээ Төрийн ордны нэг давхрын визит өрөөнд Италийн Элчин сайд Андре Де Филиптэй уулзлаа. Тэд нөхөрсгөөр мэндлээд харилцан яриа өрнүүлэв. Д.Цогтбаатар сайдын хувьд унаган орос, англи хэлтэй. Герман, кхмер, тай хэлээр бас ярьдаг. Гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлсэн түүний хувьд дипломат ёс дэг жаяганд түүртэхээргүй гадаад харилцааны салбарт нүүр тахлах хэмжээний улстөрч болох нь илэрхий харагдаж байв. Энэ өдөр үдээс хойш Чех, Кувейт, Туркийн Элчин сайдуудтай уулзалдах хуваарьтай байгаа юм байна. Шинээр томилогдсон сайдын хувьд гадны Элчин сайдуудтай танилцах, хамтын ажиллагааны яриа хөөрөө өрнүүлэх үүднээс элчингүүдтэй уулзалдах хуваариудыг ээлж дараалан гаргажээ. Сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Дипломатч хүн бусдын ярианд автахгүй, харилцан яриаг өөрийн талд давамгайлуулж өрнүүлэхийн тулд мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой. Тиймээс унших, судлах цаг зав маш их хэрэгтэй байдаг. Ажлын цаг тарсны дараагаар оройдоо жаал суудаг” гэж байсан. Энэ өдөр УИХ-ын чуулганы хуралдаан болж байсан бөгөөд ирэх оны төсвийг хэлэлцэж байв. Сайд Д.Цогтбаатар УИХын гишүүний хувьд яам, төрийн ордон хоёрын дунд “гүйдэг” болох нь илэрхий. Чуулган 11 цаг өнгөрөөгөөд эхэлсэн. УИХын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы хуралдаан дээр дараахь асуултыг асуув. “Төсвийн төсөөллийг ярьж байна. Сангийн яам эрхбиш мэргэжлийн яам болохоор төсөөллүүдээ хийхдээ Монгол Улсын эдийн засгийн макро, микро үзүүлэлтийг арав түүнээс дээш жилээр харж тооцон төсвийн төсөөллийг гаргаж байгаа байх. УИХ дээрээ Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэхэд гишүүд өөр өөрсдийнхөө тойргийн тухай эхэлж ярьдаг. Урт хугацааны төсөөллийг харахгүйгээр ярьдаг тал бий. Цаанаас орж ирж буй бодлогыг улстөрчдийн хүрээнд эвддэг нь үнэн. Төсвийн хүрээний хэлэлцүүлгийг явуулж байхад урт хугацааны дүр зургаа харж байж хийж байгаа юу гэдгийг асуух байна. Тухайлбал, 2025 он гэхэд ДНБ тэдэн хувьтай байна, төсвийн тэнцэл тэд байна үүнд хүрэхийн тулд өнөөдөр ийм бодлого алхам хийж байна гэх мэтээр тооцоололтой, ярьж байж хэлэлцүүлгээ хийж байгаа юу. Эсвэл өнөөдрийн амьдралдаа хөтлөгдөөд саналуудаа оруулаад явж байгаа юу гэдгийг асуумаар байна. УИХ дээр тогтвортой урт хугацааны хөтөлбөрүүдийг батлан гаргадаг. Гэхдээ төсөв хэлэлцэхдээ тэр зургаар оруулан ирж ярихгүй шиг харагдаад байна. Төсвийн байнгын хорооноос үүнийг асуумаар байна? гэсэн асуултад Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хариулт хэлж байгаа харагдав. Чуулганы хуралдаан дундуур Д.Цогтбаатар гишүүн гадагшаа гарч Монгол Улсын баатар, ахмад дайчин П.Шагдарсүрэн гуайнд очиж золголт хийхээр Сансарт байдаг гэр рүү нь зорив. Сэтгүүлч миний хувьд машин дотор энэ хугацаанд л сайдтай тухтай ярилцах цаг зав гарсан. Д.Цогтбаатар сайд ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан үеийнхээ талаар ингэж ярьсан юм. Их сургуульд оюутан байхдаа Гадаад харилцааны яаманд дадлага хийсэн. 1994 онд сургуулиа төгсөөд Зүүн өмнөд Азийн орныг хариуцсан атташегаар томилогдон ажилласан. 1990-ээд оны өмнө хаалттай байсан Малайз, Сингапур, Тайланд улстай харилцаагаа дөнгөж эхлүүлж байх үед ажиллаж байсны хувьд суралцсан зүйл их байдаг. Эдгээр гадаад улс орон руу төрийн албан хаагчдыг сургах ажлыг хийж байлаа. Амьдрал дээр хүн их зүйл сурдаг. Тухайн үед манай улс бүх зүйл хэмнэлтийн горимд байсан. Гадныхнаас санаа зовох зүйл гардаг л байсан. Жишээлбэл, гадныхан айлчлалаа хийхдээ принтер, компьютераа авчирдаг байсан. Яагаад гэвэл Монголд лазер принтер ч байхгүй үе. Юмхнаар юм хийж сурах эрмэлзэл өөрийн эрхгүй тэндээс төрдөг юм байна лээ. Бүх зүйл дутагддаг байсан болохоор миний толгойд “Бид нар хэзээ эд нар шиг болох вэ” гэж бодогддог байсан. Гадаад харилцааны яам бол миний хөлийг дөрөөнд хүргэж, гарыг ганзганд хүргэсэн сайхан газар, хамт олон маань. Яамнаасаа гадагшаа сургуульд явж мэдлэг боловсролоо дээшлүүлж байсан. Өнөөдрийн намайг бий болгосон ачтай буянтай газар бол энэ яам маань гэдгийг онцлон хэлсэн. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан яаман дээрээ сайдаар сая ирэхдээ гадаад бодлогыг нэг ч гэсэн иргэндээ бодитойгоор хүргэдэг, хүрч ажиллахыг эрмэлзэж байна гэдгээ дуулгасан. Гадаад яам улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат улс төрийн аргаар хангахын тулд дэлхий дахинд хэрсэн дипломат сүлжээг бий болгосон. Эдийн засгийн хөгжлийг илүү их эрхэмлэх хэрэгтэй. Дипломат хүн том бодлогын асуудлаасаа гадна иргэнд хүрэх эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах ажлыг хийх ёстой. Судалгаа шинжилгээг хийж байх, гадны хөрөнгө оруулагч нартай холбох, гадны технологийг олж ирэх ёстой. Жижиг дунд үйлдвэрүүдэд яаж хүрч ажиллах зэргээр бодитоор төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж ажиллах өнцгөөр ажиллаасай гэж үздэгээ ярьсан. Иймдээ ч инновацийн төв байгуулахаар сэтгэл шулуудсан бололтой. Зөвхөн яам гэлтгүй улстөрчид тодорхой ур чадварт суралцсан байх ёстой. Энэ нь хялбаршуулсан маркетингийг богино хугацаанд хийх юм. Манайхан үүнд сурах ёстой гэж боддогоо ярьсан.
Ингээд бидний яриа үргэлжилсээр зорьсон газартаа ирэв. Маршал Чойбалсангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн гуай 100 насыг зооглож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлж байгаа юм байна. П.Шагдарсүрэн гуай: Сайд та өөрийн биеэр ирсэн нь нам, төрд олон жил зүтгэсний хүндэтгэл гэж хүлээн авч байна. Өөрийг чинь гадаад харилцааны мэргэжлийн дипломат хүн гэдгийг чинь сонссон. Ийм хүн сайдаар томилогдон ирсэнд баяртай байна. Баяр хүргэх завшаан гарлаа” гэхэд сайд Д.Цогтбаатар: Бид их баярладаг. Танай үеийнхэн Монгол Улсын гадаад харилцааг ийм сайхан түвшинд авчирсан. Та бүгдийн үе бас амаргүй байсан. Дайнтай тулаантай үед тусгаар тогтнолын асуудал ойлгомжтой биш байсан. Хамгийн хүнд үед та бүхэн маань ажиллаж байсан шүү” гэв. Гадаад харилцааны сайдаар 40 насандаа томилогдон, 40 гаруй жил тус салбарт ажилласан буурай сайд Д.Цогтбаатар хоёрын дунд энгийн сайхан яриа хөөрөө өрнөсөөр. Сайдад ажлын цагаар архи өгөхийг хүсэхгүй байна. Гэхдээ хүндэтгэлтэй хандаж байгаа болохоор үүнийг задалчихаж болох уу гэсээр шил хатуу юм гаргаж ирэв. Тэгээд тэдний яриа үргэлжилж нутаг усны тухай өрнөв. Д.Цогтбаатар: -Манай аав Төв аймгийн Лүн сумынх. Ээж Дундговь аймгийн СайханОвоогийнх. Би өөрөө Улаанбаатарынх болохоор Түшээт хан аймгийнх гээд хэлчихэж болно байх гэхэд П.Шагдарсүрэн гуай: -Бид хоёр чинь нэг аймгийн улсууд юм байна. Би Төв аймгийн БаянӨнжүүлийнх гэв. П.Шагдарсүрэн цэргийн анхны сургуульд суралцаж Япон улс манайх руу довтлоход Зөвлөлтийнхөө нөхөдтэй зориг төгөлдөр тулалдаж бөмбөгдөлтөд өртөж гуяндаа шархдаж байжээ. Дайн дууссаны дараагаар маршал Чойбалсангийн туслах, нарийн бичгийн даргаар есөн жил ажиллажээ. Тэгээд ОХУ руу суралцаж ирээд Гадаад харилцааны салбартай хувь заяагаа холбожээ. Тэрбээр засаг төрийн тухайд санаа зовниж явдгаа ийн ярьсан “Хүнд үед Засгийн эрхэнд гарлаа. Манай нам эв нэгдлээ эрхэмлэх ёстой. 65 гишүүнд хэлэхэд яльгүй асуудал дээр зөрөлдөж хуваагдаж болохгүй. Хэдүүлээ сууж байгаад алийг нь хийж чадах уу алийг нь хийж чадахгүй гэдгээ ард түмэндээ үнэнээ хэлчихвэл болоо.
Италийн Элчин сайдтай уулзав
Одоогийн эдийн засгийн хямралаас гарах нь нэгдүгээрт болоод байна” гэсэн бол МАН-ын Их хурлын тухай “Намын Их хурлын бэлтгэлийг хангаж байгаа байх. Намын бодлогын гүнзгий түүхэн ач холбогдол хийсэн их хурал болоосой гэж бодож байна. Энэ их хурлаас гарсан шийдвэр бол зөвхөн өнөөдрийн хямралын тухай биш ирээдүйн Монгол Улсын хөгжлийн бодлого, цаашдаа ямар замаар яаж хөгжих үү гэдгийг тодорхойлсон хурал болоосой гэж би монгол сэтгэлээсээ хүсч байна шүү” гэсэн юм. Сайдын завгүй их ажлынхаа хажуугаар сэтгэл гаргаж ирсэнд баярласнаа илэрхийлээд Д.Цогтбаатар сайдыг үдэж өгсөн.
Сайд Д.Цогтбаатар бид хоёрын яриа бас л машинд эргээд үргэлжлэв. Завгүй их ажлынхаа дундуур стрессээ хэрхэн тайлж байна вэ гэж асуухад “Фитнесст явахыг боддог. Бүтэн сайн болгон найзуудтайгаа дэвжээн дээр гарч барилддаг. Хэд сайн шидүүлчихээр стресс арилж барцад арилчих шиг болдог. Хүн найз нөхөдтэйгөө байхад стрессийг тайлдаг. Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг эрмэлздэг” гэв. Дашрамд дурдахад Д.Цогтбаатар сайд жүдо бөхөөр хичээллэдэг, хар бүстэй гайгүй сайн барилддаг хүмүүсийн тоонд ордог аж.
100 нас зооглож буй П.Шагдарсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
Давхар дээлтэй учраас УИХын гишүүний хувьд сайдын ажлыг хийхэд цаг хугацаа хэр давчуу байна вэ гэхэд “Амжуулаад явах л ёстой. Цаг завын хувьд ачаалалтай ажиллахаас өөр арга байхгүй” гэсэн юм. Сайдын ажил өдөр бүр наад зах нь оройн 21 цагаас нааш дуусдаггүй. Гадны ёслолын олон арга хэмжээ ажлын цагийн дараа болдог. Хүлээн авалтын давуу тал нь богино хугацаанд олон хүнтэй уулзаж, ярилцах боломж гардаг. Монгол Улсыг төлөөлж уулзаж байгаа бол нөгөө хүндээ хөтлөгдөж ярих биш, нөгөө хүнийхээ юу ярихыг мэдчихсэн, ярих юмаа урьдчилан харсан мэдсэн байх ёстой. Ингэхийн тулд материалууд нэлээн унших ёстой. Олон шатны шалгуурыг давчихсан өндөр боловсролтой гадны хүмүүстэй өдөр бүр нүүр тулдаг. Би тэднээс дутаж харагдах юм бол энэ улсын нүүр царай гэж харагдана. Тиймээс би асуудал болгон дээр маш их мэдээлэлтэй, мэдлэгтэй байхыг эрмэлздэг. Яамнаас ирүүлсэн санал дээр би мэдлэг, дүн шинжилгээ өгөх чадвартай байх ёстой. Ийм учраас уншиж суух нь их дээ гэж ярьж байв. Ийн ярьсаар Төрийн ордонд эргээд 14.30 цагт орж ирэв. Элчин сайд нартай уулзах, чуулганы хуралдаандаа суух зэрэг товлосон ажлууд ээлж дараалан хүлээж байв. Энэ өдрийн чуулганы хуралдаан 22 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд сайд Д.Цогтбаатарын ажлын нэг өдөр хараахан дуусаагүй л байлаа. Яамаараа дайрч ороод харина даа гэсээр сайдын ажлын нэг өдөр албан ёсоор дуусч байгаа нь тэр гэнэ.
ЭХ СУРВАЛЖ : ӨДРИЙН СОНИН. СЭТГҮҮЛЧ Б.ДОЛЗОДМАА Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА