Ерөнхийлөгч гурав дахь хоригоо тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт:

”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА

Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай

Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг баталж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна.

Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна.

2017 оны хувьд тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,727,288.6 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,420,601.4 сая төгрөг байхаар тооцож төсвийг 2,693,312.8 сая төгрөгийн алдагдалтайгаар баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьтай тэнцсэн байна.

Дээрх дүн мэдээнээс 2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил түвшинд, эрс өссөн байгааг харж болох бөгөөд эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан Улсын Их Хурал төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Тухайлбал эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхэлнэ.

Тиймээс миний бие төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирснийг дээр дурдсан. Тэгвэл 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байна.

Боломж нэгэнт бүрдсэн тохиолдолд урсгал зардал болон нэн чухалд тооцогдохгүй, үр ашиг муутай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлаа танах, зайлшгүй зардлыг бодитой, үнэн зөвөөр тооцож төлөвлөх зэргээр төсвийн зардлыг багасгах асуудалд онцгой ач холбогдол өгч, төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах нь зүй ёсны шаардлага болно.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.

Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой.

Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм.

Харин бодитойгоор бий болсон боломжийг ашиглалгүй төсвийг алдагдалтай чигээр нь үлдээсэн тохиолдолд улс орны эдийн засаг төдийгүй ард иргэдийн амьдралд хохиролтойг анхаарах хэрэгтэй. Учир нь төсвийн алдагдлыг гадаадын буюу эсвэл дотоодын аль нэг эх сурвалжаас авсан өндөр хүүтэй өр зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр гарц байдаггүй.

Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар дотоодын банкнаас зээл авах нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийг хумиж эдийн засгийн хориг болдог, харин дотоодын банкнаас зээл аваагүй тохиолдолд уг эх үүсвэр нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлд зарцуулагдаж, зээлээ олгох гэсэн банкуудын өрсөлдөөнөөс зээлийн хүү ч буурах магадлалтай юм. Улсын төсөв өөрөө банкны хомс эх үүсвэр дээр өрсөлдөгч болохгүйгээр дотоодын хувийн хэвшилд тэлэх орон зай гаргаж өгөх нь давхар авч явах бодлого юм.

Нөгөө талаас төсвийг алдагдалгүй баталсан тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих хүү багатай 2.5 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр бий болж, хувийн хөрөнгө оруулалт өсч, ажлын байр нэмэгдэх сайн талтай. Эдийн засгаа тэлж ажлын байрыг нэмэхгүйгээр ядуурал буурахгүй.

Эцэст нь төсөв батлах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх”, 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байгаа бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимтай харшилж байна.

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.