Олон улсын судлаачид Монголын нутгаас урьд хожид олж байгаагүй хачирхалтай үлэг гүрвэлийн ясыг олжээ. Тэд уг амьтныг Цэрдийн галавын үед буюу 71-75 сая жилийн тэртээ одоогийн Монголын нутаг дээр амьдарч байсан гэж үзэж тодорхойлж байна.
AP-ийн мэдээлснээр уг үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монгол Улсын Ухаа толгод хэмээх үлэг гүрвэлийн олдвороор баялаг нутгаас олж, нууцаар хил давуулж, хувийн цуглуулагчид худалдсан байсан аж.
Европын палентлогич Винсент Фернандез ярихдаа “Энэ бол маш онцгой, хачирхалтай үлэг гүрвэл юм. Учир нь энэ бол бидний мэдэх бусад үлэг гүрвэл шиг харагдахгүй байгаа юм” гэжээ. Түүний ярьснаар нугасан хошуут динозавр нь газраар алхаж, усанд ч сэлж чаддаг байсан аж.
Судлаачид шинэ үлэг гүрвэлийн өндрийг 45 орчим см байсан гэж үзэж байна. Чехийн Палаки их сургуулийн палеонтология судлаач Деннис Воетен “Энэ үлэг гүрвэл бол бидний мэддэг амьтдын жижиг хэсгүүдийг өөртөө шингээж нэгтгэсэн өвөрмөц амьтан байжээ” гэв.
Байгалийн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нугасан хошуут динозаврын тухай мэдээллүүд өчигдөр анх нийтлэгдсэн байна. Үлэг гүрвэлийн судалгааны ажилд оролцсон АНУ-ын палеонтологич Кристи Карри Рожерс “Үнэхээр онцгой гэж нэрлэмээр үлэг гүрвэл юм. Хун хүзүүтэй, жижиг нүдтэй, шүдтэй, гар нь богино хэрнээ хөл нь арай урт, мөн сүүн тэжээлтэн шиг сүүлтэй. Энэ бол түүний онцгой болгож байгаа зүйлс” гэжээ.