МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ

Япон улсад зохион байгуулж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/-ий хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.

Энэ удаагийн 2017 оны АТАШТ-ий хийн гар бууны 10 метрийн дасгалд 38 тамирчин цэц мэргээ сорин өрсөлдөхөд О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 383 оноогоор тэргүүлсэн.

Харин шигшээ тэмцээнд Японы мэргэн бууч Юүкари Кониши 245.3 оноогоор алтан медаль хүртсэн бол манай тамирчин О.Гүндэгмаа 241.6 оноогоор мөнгө медалийн эзэн болж, Энэтхэгийн тамирчин Хина Сидху 217.2 оноогоор хүрэл медаль хүртсэн байна.