Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа.
Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай болно гэж үзэж байна.
Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, даатгал нь харьцангуй бага зардлаар илүү үр ашигтай, шуурхай ажиллах боломжтой болно гэж Эрүүл мэндийн яам тооцоолжээ.
Товч мэдээ
- Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг баталлаа.
- Тусгай зориулалтаар 2018 онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах, тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралдаанд оролцсон дүнгийн талаар танилцуулж, хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
- “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтов.
- Л.Баяртулгыг удаан хугацаанд суралцахаар болсонтой нь холбогдуулан өөрийнх нь хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.