Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талд/ уг хотхоныг бүтээн байгуулжээ.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлууд, төөрдөг байшингаас бүрдэх юм. Мөн хувцас солих байр, халуун цай кофе уух байр, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргээр тохижуулан иргэдийн тав тухыг бүрдүүлэхээс гадна нийслэлийн өнгө төрхийг чимсэн бүтээлийн нэг болсон.
Дэлхийн хүн амын 50 хувь нь цас үзэж байгаагүй бөгөөд үүнд Австрали, Африк, Төв болон Өмнөд Америк, Ази тивийн иргэд хамаардаг байна. Иймд олон сар үргэлжилдэг өвлийн улиралд тусгай сонирхлын аяллыг хөгжүүлж жуулчдыг татах асар их нөөц бололцоотой юм.
Нийслэл Улаанбаатар хот нь Өвлийн хотуудын холбоонд 1998 онд элссэн бөгөөд тус холбоо нь эрс тэс цаг ууртай, өвлийн улирал хүйтэн болдог хотууд нэгдэн өвлийн улирлын нөөц бололцоог ашиглан хамтын хүчээр тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулж хөгжлийн замыг эрэлхийлэх зорилготой юм.