Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба болон О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ 2-8 жил болж хөнгөрсөн тул шүүгдэгч Г.Шийлэгдамбын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.
Хуулийг ийнхүү буцаан хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон “хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.