Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой эрс өсч 2017 оны байдлаар 66,2 саяд хүрсэн. Гэсэн ч 200 гаруй мянган малчин өрхийн амьжиргаа болсон малын тоо толгой нь өссөнөөс ашиг шим нь төдийлөн нэмэгдэхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 694.0 мянган мал зүй бусаар хорогдож, 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин гараад байна. Энэ нь 2018 онд 60 мянган тн мах экспортлох том зорилт тавьсан Засгийн газрын бодлогод том цохилт болж байна. Хэдийгээр цаг наашилж байгаа ч цаашдаа хаваржилт хүндэрч, малын хорогдол нэмэгдэж, мал төллөлтөд хүндрэл учирч болзошгүй байгаа тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад хандан асуулга тавилаа. Эдийн засгийн нэг гол тулгуур нь мал аж ахуй. Уул уурхай шиг дуусч дундардаг биш үржиж төлждөг энэ салбарыг хөгжүүлэх чиглэлээр "Монгол мал" үндэсний хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай гээд олон хууль бодлого батлагдсан. Мөн малчдын амьжиргааг дээшлүүлэхийн тулд тэдний орлогын гол эх үүсвэр болсон малын үүлдэр угсааг сайжруулах, мал эрүүлжүүлэх ажлыг орон даяар эрчимтэй зохион байгуулах, шинээр олон мянган ажлын байр бий болгох малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих нь ихээхэн чухал байгаа юм. Тиймээс гишүүд асуулгадаа "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" болон Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, төрөөс гаргасан зарим хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хаваржилт хүндэрч буй аймаг сумдын малчдад цаг алдалгүй туслах шаардлагатай байгааг онцолжээ. Тухайлбал "...Үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгох" , мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хэрэгжилт ямар байгаа талаар тодруулжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, "Малжуулах" төслийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж эхлэх тухай, мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар хариулт ирүүлэхийг асуулгадаа дурдсан байна. Мөн малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад учирч буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах зорилтын хэрэгжилтийг ч асуужээ. Үүнээс гадна малын зүй бус хорогдолоос урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, хаваржилт болон мал төллөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Асуулгын төгсгөлд Засгийн газраас батласан "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрт туссан малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой хариулт ирүүлэх талаар Ерөнхий сайдад ханджээ.