БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав.

Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа.

Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Онцгой хариуцлагатай, нэр хүндтэй албанд хүчин зүтгэж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Энэ ажиллагаа нь Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж байна.

Монгол Улсын баг БНТУ-д үүрэг гүйцэтгэхдээ найман хүн /үүнээс гурван хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан юм.

Цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Мөн Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг  холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм.