Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар их дэлгүүрийн захирал Г.Баттүшиг болон бусад холбогдох албаны хүмүүс, худалдан авагчид оролцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Их хотын хямдрал-378” арга хэмжээг нээн, хэнгэрэг цохиж “Их хотын хямдрал” эхэлснийг зарлалаа.
Өнгөрөгч 7 хоногт хотын удирдлагууд нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-үүдийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Хотын дарга энэ сарын 22-29-ний хооронд 7 хоногийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тодорхой хямдрал, урамшуулал зарлаж, нийслэлийн иргэддээ бодитой бэлэг барихыг уриалж аж ахуйн нэгжийн удирдлагуудад Уриалгыг гардуулан өгсөн юм.
Энэ үеэр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд иргэдийнхээ төлөө нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Тус уулзалтанд Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов ХХК, Сүү, АПУ ХК, гэх зэрэг хүнсний үйлдвэрүүд, Арьс ширний холбоо, Дархан нэхий ХК, Буян ХХК, Саммит компьютер технологи ХХК /PC mall сүлжээ дэлгүүр/, Некст электроникс /сүлжээ дэлгүүрүүд/ Номин тав трейд, Алтан жолоо трейд /Сансар сүлжээ/, Боса, Сонгинохангай ХХК /Миний дэлгүүр сүлжээ/ зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Арга билэг трейд /10000 нэрийн бараа/, Түшиг ХХК /Улаанбаатар их дэлгүүр/ гэх зэрэг томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд, Их монгол ХХК /Сохо тавилгын дэлгүүр/, Сэрж интернэшнл ХХК /Милая сүлжээ зоогийн газар/, Энзоко ХХК /Бродвей сүлжээ ресторан/, Номадс хоспиталити /Номадсын сүлжээ ресторан/ гэх зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, Хос шагай, Нью лайн /Парадокс/, Дипломат Баярмаа /Дипломат/ үсчин гоо сайхны салон зэрэг нийт 72 аж ахуйн нэгжийн удирдлага оролцсон юм.