Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гардуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн зөвлөмжийг гардуулжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс байх ёстой. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн байгууллагын бүх шатанд авлигын эсрэг тэмцэх нь чухал. Энэ ч үүднээс сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, шуурхай ажиллахыг шаардаж байгааг тэмдэглэв. Тэрээр авлигын эсрэг явуулж байгаа аливаа үйл ажиллагааг Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал энэ үеэр хэлэхдээ тус газрын шалгаж буй хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгааг дуулгав.

Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог бөгөөд АТГ энэ долоо хоногийг авлигын эсрэг өдрүүд болгон сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил зохиож байгаа аж.