Байгуулагдсанаасаа хойш 21 дэх хавартайгаа золгож буй “Sweetymotion” хамтлагийнхан энэ зуныг тун завгүй өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбат ирэх намар бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Харин тус хамтлагийн дуучин Г.Сүндэрмаагийн хувьд “Яг түүн шиг” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар тодроод байна. Түүний хувьд энэхүү шоунд оролцсоноороо өөрийгөө олон талаар нээсэн бөгөөд цаашид бие даасан уран бүтээл гаргах сэдлийг төрүүлсэн хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Ц.Сарнайгийн хувьд одоогоор эзгүй байгаа бөгөөд ирэх сард эх орондоо ирэх аж. Хэдийгээр тус хамтлагийн хувьд 20 жилийн ойгоо тэмдэглэж амжаагүй боловч энэ ондоо багтааж тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ нүсэр том тоглолт бус өөрсдийн үнэнч сонсогч, фэнүүддээ зориулж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн цомхон байдлаар зохион байгуулна гэв.