Ганц худгийн аманд 150 метр үерийн хамгаалалтын сувгийг шинэчилж, 3 хэсэгт ус хуримтлуулах сан барина

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх Ганц худгийн ам орчим нь сүүлийн жилүүдэд дараалан үер бууж, их хэмжээний хохирол учруулж байсан эрсдэл ихтэй байршил юм. Тиймээс үер болдог эрсдэл ихтэй тухайн байршилд гурван хэсэгт ус хуримтлуулах сан бүхий 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөж, газар шорооны ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэж, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин үерт автаж их хэмжээний хохирол учруулж байсан. Мөн 2018, 2021, 2022 онд ч Дарь-Эхийн үерийн улмаас хохирол үүсэж, Ганц худгийн урссан замыг дахин барьсан ч тохиолдол байдаг. Тиймээс тухайн хэсгийн үерийн байгууламжийг сэргээн засварлах, дээд хэсэгт шаталсан байдлаар 3 ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төслийг боловсруулсан.

2024 оны хавар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дарь-Эх Ганц худаг орчимд газар чөлөөлөлтийг эхлүүлсэн. Айл өрхүүдийн орон байрыг шийдэж, нүүлгэн шилжүүлэх ажлуудыг НОБГ, ГУБГГ, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудтай хамтарч хийсэн. Газрыг чөлөөлж, өнөөдрийн байдлаар ГУБГГ-аас 11 машин механизм, 23 инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр тухайн байршилд ажиллаж байна. Ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийнэ. Ажил 10-20 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин ирэх хавар инженерийн хийцлэлтэй барилгуудыг барихаар төлөвлөж, төсөвт санал оруулсан” гэлээ.

Тодруулбал, Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжүүлэн 3 шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here